Эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр ямар ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Танилцуулга дээр бичигдсэнээр Ковид-19-ын эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын чиглэлээр гээд дөрвөн чиглэлээр энэ зээлийг зарцуулах юм байна. Тухайлбал эдийн засгийг идэвхжүүлэх тал дээр үүнийг ямар зүйлд зарцуулах вэ? Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудал байна. Хотод ажлын байруудад ажиллах хүн олдохгүй байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт ажиллах хүн олдохгүй байна. Энэ тал дээр засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Дэлхийн улс орнуудыг авч үзэхэд эдийн засаг нь -10-25 хувьтай байна. Төсвийн алдагдал нь -18-17.7 хувьтай явж байна. Энэ нь орлого бууж байгаа ч эдийн засгаа огцом дагаж хумихгүйгээр явж байгаа нь үндсэндээ эдийн засгаа дэмжих бодлогыг явуулж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бид 2020 онд нөхцөл байдал хэцүү боллоо гээд төсвийн бүх зардлуудаа танаад эвлэвэл эдийн засаг өөрөө борц болно. Эргээд иргэд, аж ахуй нэгжүүд дээр үзүүлэх нөлөө нь маш хортой байдаг. Тэгэхээр ийм үед ялангуяа эдийн засгийн агшилтын хугацаа богинохон байгаа үед авч хэрэгжүүлдэг арга нь эдийн засгаа  агшаахгүйгээр бодлогоо үргэлжлүүлээд явах бодлогын сонголт байдаг. Үүгээр Монгол улс явсан. Эдийн засгийнхаа агшилтыг дагаад бүх юмаа хумьж борц болгохгүйгээр авч явсан энэ бодлого дээр Японы засгийн газраас бид зээл авч байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй Японы засгийн газраас нийт 800 сая гаруй долларын зээл авахаар гэрээг УИХ-аар оруулж батлуулсан байсан. Үүнээс бид 560-аад саяыг нь аваагүй. Харин одоо энэ шинэ зээлээ оруулан ирж Японы гадаад хэргийн сайд ирэх үед үзэглье хэмээн үзэж байгаа юм. Үндсэндээ бид эдийн засгаа тэлэх, агшаахгүй байх бодлогыг авч хэрэгжүүлсэн. Дээр нь корона вирусийн үед авч хэрэгжүүлж байгаа бодлогоо үргэлжлүүлээд явж байгаа. Корона вирусийн асуудал хэвийн, тодорхой шийдлүүдтэй болоод эхэлсэн үед бодлого бол өөрөөр явах нь ойлгомжтой юм.



Их сурвалж: https://vip76.mn/content/70973