Хууль, тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2020.08.18/ 16 цаг 10 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун гишүүдийн ирцийг танилцуулснаар хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хийж, танилцуулгадаа, … Гэнэтийн, давагдашгүй нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Төсвийн орлого тасрах гол шалтгаан болж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг далайцтай нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэлээ.

Танилцуулга, төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Б.Саранчимэг, Н.Наранбаатар, Н.Ганибал, Г.Мөнхцэцэг,  Б.Бейсен, Ц.Туваан, Ц.Анандбазар,  Д.Өнөрболор, Х.Болорчулуун нар асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд хэр зэрэг хэмнэлтийн горимд ажилласан талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням төмс, хүнсний ногоогоор дотоодын зах зээлээ хангах зорилтыг хэрэгжүүлэх, үр тариа эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээлийг олгох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг асуудлууд төсвийн тодотголд ямар байдлаар туссан талаар асуулаа.  Асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  хариулахдаа үр тариа эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлэнд тодотголоор зургаан тэрбум төгрөг тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгө мөнгийг хассан эсэхийг тодруулахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Хэдийгээр төсөв хэмнэж байгаа ч агаарын бохирдлыг бууруулахад төлөвлөсөн хөрөнгөөс нэг ч төгрөг хасаагүй. Шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт энэ намар ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун ногоон тэжээл бэлтгэх замаар хадлан тэжээлийн дутагдлаас ангижрах асуудлыг тусгасан эсэх болон тариаланчид, ногоочдод хөрөнгө мөнгөний болон бусад ямар дэмжлэг үзүүлэх эсэх талаар асуулт асууж, хариулт авав.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Улсын Их  Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаарх танилцуулгадаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харъяалагдах Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт 166 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 301.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 194.9 тэрбум төгрөг,  хөрөнгийн зардалд 57.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Улсын төсвөөс  331.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 32.9 тэрбумтөгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн” гэлээ.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үргэлжлүүлэн Үндэсний аудитын газраас хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын  орлогч О.Тэнгис танилцуулав.

Тус байнгын хорооны харъяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 91 тайлан нэгтгэгдсэнээс 65 байгууллагад санал дүгнэлт гаргаж, 13 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 12 байгууллагад итгэл үзүүлж, 1 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Санал дүгнэлт гаргасан 65 байгууллагаас 63 байгууллагад “Зөрчилгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай”, мөн 1 байгууллагад “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” санал дүгнэлт өгчээ.  

Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ аудитад хамрагдаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь иргэдийн агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон зээлийн хүүгийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банкуудад байршуулсан зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилтийн ашиглагдаагүй үлдэгдэлд хүү  нөхөн тооцуулах, ногоон зээлийн бүтээгдэхүүнд олгосон зээлийн тайлан мэдээг гаргах, зарцуулалтын тооцоо нийлж акт  үйлдээгүй, зээлийн олголт хангалтгүй гэсэн үндэслэлээр “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгч, Монгол Кувейтын байгаль хамгаалах санд санал дүгнэлт өгөхөөс татгалзсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 17.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс аудитын явцад 15.2 тэрбум төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 0.02 тэрбум төгрөгийн зөрчилд 28 төлбөрийн акт тогтоосон байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 67 байгууллага, нэгж санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 57 байгууллагад санал дүгнэлт гаргажээ. 53 байгууллагад “Зөрчилгүй” санал дүгнэлт өгсөн бол Малын удмын сангийн үндэсний төв, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг  4 байгууллагад “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн байна.  

Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 27.7 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 21.0 тэрбум төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 19 төлбөрийн акт тогтоожээ.

Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ  нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Аубакар, Д.Сарангэрэл нар үг хэлэв.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Тувааны сүүний урамшуулал яагаад олгогдоогүй талаарх асуултад “4 тэрбум төгрөг тавигдсан ч журам гараагүй гэсэн шалтгаанаар эргүүлэн татагдсан”  гэж Ажлын хэсгээс хариулт өглөө.

    Ийнхүү “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөлөө



Их сурвалж: https://vip76.mn/content/70076