УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд утаа бууруулах шийдлүүдийг судлан Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа  юм.

Өнөөдөр (2018.01.16) УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг болон холбогдох бусад байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй хэсэг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Эхлээд Баянгол дүүргийн 23 дугаар хороонд “Шинэ шийдэл” төсөл хэрэгжүүлэх газар очлоо.

Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаны  хүмүүс төслийн талаар өгсөн мэдээлэлдээ 146 өрх айл хашааныхаа газар дээр орон сууц барихаар  санал нэгдэн, зураг төсөл гарсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүйгээс гацаанд орсныг хэллээ. Хэрвээ Нийслэлээс тендер зарлах зэргээр хөрөнгө оруулалтыг шийдвэл айлууд газраа чөлөөлөхөд бэлэн байгаа гэв.

Айлууд нэгдэн хашааныхаа газар дээр орон сууц барих санаачилга гаргаж байгааг шуурхай ажил болгоход төрөөс анхаарахыг энэ үеэр УИХ-ын гишүүдтэй уулзсан иргэд хэллээ.  

 Шалнаасаа халдаг технологиор монгол гэрийн халаалтыг шийджээ

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны өрх С.Одончимэгийнх монгол гэрийнхээ халаалтыг шалнаасаа халдаг технологиор шийдсэнээр гал түлэхээ больжээ. БНСУ-ын шалны халаалтыг дуурайлган өөрсдөө сэтгэж хийхэд анхны өртөг 1.800.000 төгрөг гарсан бөгөөд

сард уг өрхийн цахилгааны хэрэглээний нийт зардал 120-130 орчим мянган төгрөг гарч, 50 хувийн хөнгөлөлт эдэлснээр 60 орчим мянган төгрөг төлж байгаа талаараа С.Одончимэг УИХ-ын гишүүдэд ярив. Нүүрс түлж байсантай харьцуулахад зардал хэмнэгдсэнийг тэрбээр тэмдэглэсэн.  

Нүүрс шатаадаг нам даралтын зуухыг цахилгаан эх үүсвэртэй уурын халаалтаар сольжээ

УИХ-ын гишүүд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд дараа нь очив. Уг хорооны байрыг нам даралтын зуухаар нүүрс шатааж халаадаг байсан ч цахилгаан эх үүсвэртэй уурын халаалттай болгож сольсноор сард 1.500.000 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг болсон байна.

Өмнө нь нүүрс шатаадаг нам даралтын зуухтай байхад 2.500.000 мянган төгрөгөөр нүүрс авдаг, дээр нь галлагаа хийдэг ажилчинг гурван ээлжээр цалинжуулан ажиллуулж байсан зэрэг зардал хэмнэгдсэн гэдгийг хорооны Засаг дарга хэллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр энэ ажлыг хийсэн бөгөөд тус дүүрэгт нам даралтын зуухтай хоёрхон хороо үлдсэн талаар дүүргийн Засаг дарга мэдээлсэн.    

Байшингаа дулаалснаар хоногт хоёр удаа гал түлдэг болж, зардлаа хэмнэжээ

Дараа нь УИХ-ын гишүүд Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслийн “Дулаалгын аян”-д хамрагдсан өрх Б.Энхбаатарынд очлоо. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны энэ айл байшингаа цахилгаан халаалт, нүүрсэн галлагаа гэсэн хосолмол байдлаар халаадаг.

Дулаалгын зардал 10 сая төгрөг бөгөөд өөрсдөө 2.800.000  гаргаж, төслөөс 7.200.000 төгрөгийн дэмжлэг авч байшингаа дулаалсан байна. “Тааз, хана, шал, вакум цонхоо дулаалсан,  эдүгээ нүүрс түлдэг байсантайгаа харьцуулахад гурав дахин бага зардал гаргаж, өглөө оройд хоёр удаа гал түлдэг болсон” хэмээн гэрийн эзэн хэлэв. Нүүрсэн галлагаатай зэрэгцүүлж цахилгаан эх үүсвэртэй халаалттай болсноор утаа бага гаргах болсныг тэрбээр мөн хэллээ.  

 Дахин төлөвлөлтийн хүрээнд 3000 айлын орон сууц ашиглалтад оруулна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын тулгамдаж буй асуудалтай танилцах зорилгоор “Грийн ресурс констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд барьж буй барилга дээр дараа нь очлоо.

Компанийн захирал С.Уугантуяа УИХ-ын гишүүдэд өгсөн мэдээлэлдээ, нэг хашааг хоёр өрөөтэй хоёр байраар тооцож газрыг нь авсан. Одоогийн байдлаар 24 айл газраа чөлөөлсөн бөгөөд энэ 24 айлд 49 байр өгсөн. Ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулах 112 айлын байрандаа 24 айлаа оруулна.

3000  өрх айлыг орон сууцанд оруулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж, одоогийн байдлаар айлуудын 80 хувьтай тохирч чадсан. Энэ хотхонд сургууль, цэцэрлэг байгуулагдана. Энэ жилдээ багтаж 500 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

 Дулаан, цэвэр, бохир усны дэд бүтцийг нийслэлээс шийдвэрлэвэл ойрын хоёр жилдээ 1000 айлын орон сууц барихад хүндрэл үүсэхгүй гэлээ.

Энэ компани нийт 3000 айлын орон сууц барих зорилгодоо хүрвэл дүүргийн гэр хорооллын 25 хувийг орон сууцаар хангаж чадна гэж Засаг дарга С.Одонтуяа хэлсэн.

Түүхий нүүрснээс 48 дахин бага утаа ялгаруулдаг түлш үйлдвэрлэж байна

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун туруун буюу дүүргийн 32 дугаар хороонд байрладаг “МСРТ” ХХК-ийн үйлдвэрт дараа нь очлоо.

Энэ үйлдвэрт хаягдал үртэс, зоргодос зэрэгт хушны самрын яс хольж түүхий нүүрснээс 48 дахин бага хорт хий ялгаруулдаг брикет түлш, мөн модны үртэс, хүрэн нүүрсний хагас кокс, техникийн цардуул хольж түүхий нүүрснээс 30 дахин бага хорт хий ялгаруулдаг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна.  

Өндөр хөгжилтэй орнуудын өргөн хэрэглээний түлш болсон сайжруулан түлш нь  бүрэн шатаж утаа бага ялгаруулна, удаан шаталттай, асах хугацаа харьцангуй хурдан, хүхрийн агууламж бага зэрэг олон давуу талтай гэдгийг компанийн захирал Д.Бямбадаш танилцуулав.

Жилдээ бүрэн хүчин чадлаар ажиллавал 60 мянган тонн түлш үйлдвэрлэж Сонгинохайрхан дүүргийн айл өрхийн хэрэгцээг хангах боломжтой хэмээсэн.  

Самрын ясан түлш 50 кг нь 10 мянга, 20 кг нь 5000 мянган төгрөг бол нүүрсэн түлш 25 кг нь 4000 төгрөгийн үнэтэй юм байна.

“Нүүдэлчин” зуух бусад зуухнаас бага утаа гаргана

таагүй зуухны нэг шийдэл болох “Нүүдэлчин” зуух ашигладаг  Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны өрх Б.Лхагвасүрэнгийнд мөн очив. Өмнө нь “Өлзий” зуухтай байсантай харьцуулахад “Нүүдэлчин” зууханд нүүрс бага түлдэг, утаа бараг гаргадаггүй зэргээрээ давуу байгааг гэрийн эзэн хэллээ.

Нэг хувин нүүрсийг өдөрт бага багаар түлж, маш их хэмнэлт гаргаж байгааг тэрбээр хэлээд дэд бүтцээс алслагдсан, төлбөрийн чадвар муутай өрх айлд хэрэгтэй шийдэл нь энэхүү зуух болж байна гэсэн юм.

Монгол гэр, байшингийн дулаалгыг иж бүрнээр шийджээ

Монгол гэр, байшингаа бүрэн дулаалснаар цахилгаан халаалтаар маш бага зардлаар утаа гаргахгүй амьдрах технологийг иргэн С.Энхтүвшин боловсруулжээ.  Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто вокзалын өмнө туршилт, сургалтын төвийн зорилгоор ашиглах сууц барьсан бөгөөд уг сууцандаа дулаалгын бүх технологийг иргэдэд танилцуулдаг байна. Тэндээ гэр, байшингаа яаж дулаалах талаар үзүүлэн хийж тавьжээ.  

УИХ-ын гишүүдэд монгол гэрийн хаяа манах, шал, хана, дээвэр туурга, өрх дулаалах технологийг танилцуулж, материалд үнс, ноос, гарын доорх ундааны сав зэргийг ашигласнаа С.Энхтүвшин хэллээ.  

авилгын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ монгол гэрийг халаах халдаг ширээг мөн хийжээ. Халдаг ширээтэй айл шөнийн тариф тэглэсэн үед сард цахилгааны зардалд 30 мянган төгрөг зарцуулсан талаар тэрбээр ярьсан.  

УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг эрчтэй ажиллана

Дүүргүүдэд ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар дараах мэдээллийг өгч байсан юм.

УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг богино хугацаанд бүх  дүүрэгт ажилласан бөгөөд утаа бууруулах бүх шийдлүүдийг судалсан талаараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэв. Тэрбээр түүхий нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглэх, зуухны оронд цахилгаан халаалттай болох зэрэг богино, дунд хугацааны ажлыг оновчтой хийх талаар саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ илч сайтай, утаа бага гаргадаг сайжруулсан түлшийг зуухтай бүх өрх айлууд түлдэг болчихвол үр дүн гарна гэдгийг хэлэв. Тэрбээр “Улаанбаатар бол 300-400 км яваад барагдахгүй 30, 40 сая хүн амтай хот биш, 30-40 км яваад нэг захаас нөгөөд нь очих,  сая гаруй хүнтэй энэ хотын утааг арилгах нь хялбар байх учиртай.

УИХ-ын Ажлын хэсэг эрчтэй ажилласнаар үр дүн гаргана” хэмээн ярилаа 



Их сурвалж: http://vip76.mn/content/50171

Сэтгэгдэл үлдээх