Тэсэрч дэлбэрэх бодис түүний эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар,Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав болон холбогдох албан тушаалтнууд орж ажиллажээ.

Манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж байдаг. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөх төлөвтэй байна.

Гэтэл уг хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг  нарийвчилж Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж. Дээрх бэрхшээлийг арилгах үүднээс Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгны хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.



Их сурвалж: https://vip76.mn/content/65703

Сэтгэгдэл үлдээх