Home Цаг үеийн мэдээ МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ

МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ

0
МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Шинэ сайд нарыг томилохгүй байсаар хуулийн хугацаа нь дуусвал УИХ тарах нөхцөл байдал үүсэх үү. Ерөнхийлөгчтэй хэлэлцэж байна гэсээр хэд хоног хүлээгдэх байдалтай байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй байх гэж харж байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тодорхой шийдэлд хүрэхгүй бол Ерөнхий сайд өөрөө өргөн бариад, хэлэлцүүлээд явах боломжтой. Шинэ Засгийн газар бүрдүүлэх хуулийн хугацаа тулж ирээд байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Мөн өвөл хаяанд ирсэн энэ үед эрх баригч МАН-ын зүгээс Засгийн газраа яаралтай байгуулах үүрэгтэй.Энэ үүргээ ч биелүүлэх ёстой.

Засгийн газар бүрдээд зогсохгүй ард иргэдийн өмнө амласан амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлуудаа хэлэлцэх цаг нь хэдийнэ болчихоод байна. Миний гарт намуудын сонгуулиар амласан амлалт байна. Би зүйл заалт бүрээр ноороглож, амлалтыг нь цаг үргэлж сануулсаар ирсэн. Тиймээс сайд нарыг томилох асуудлыг удаашруулаад байх шаардлагагүй.

-Эрх баригч нам өөрөө давхар дээлний асуудалд хатуу байр суурьтай байна гэж ярьсан шүү дээ. Гэтэл шинэ сайд нарын нэрээс харахад энэ байр суурь өөрчлөгдсөн харагдаж байна?

-Уг нь бол чиг үүргийн яамдаас бусад нь давхар дээлгүй байх ёстой гэдэг зарчим бий. Энэ нь сайн засаглалын үндэс суурь гэдгийг бид ойлгох ёстой. Өмнө нь давхар дээлний асуудалд иргэд, сонгогчид маш шүүмжлэлтэй хандаж байсан.

Энэ Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байгаад хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байгаагийн л илрэл шүү дээ. УИХ гэдэг хууль тогтоох байгууллага атлаа өөрсдөө Засгийн газартаа орчихоор хяналт тавих нөхцөлгүй болчихно гэдгийг хаана хаанаа л ярьсаар ирсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөрийнхөө 4.1-д Засгийн газраа байгуулахад давхар дээлийг хязгаарлах талаар тодорхой тусгачихсан байгаа шүү дээ. Намын нөхөд маань энэ заалтаа, энэ амлалтаа мартаагүй гэж найдаж байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХАРМАГТАЙН ОРДЫГ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ-

-Нэгэнт шинэ Засгийн газрын сайдууд 100 хувь давхар дээлтэй байх нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шинэ танхимдаа хатуу шаардлага тавьж, өмнөх Засгийн газрынхаа алдааг давтахгүй ажиллаж чадна гэж та харж байгаа юу?

-Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх. Би сайн мэднэ. Гэхдээ бидний анд нөхрийн харилцаа бол төрийн ажлаас тусдаа асуудал.

Миний хувьд У.Хүрэлсүхийг шинэ сайд нартаа шаардлага тавьж ажиллаж чадна, олон жил яригдсан Оюу Толгойн асуудлыг шийдэж чадна гэдэгт асар их итгэж, итгэл хүлээлгэж байгаа. Намайг уул уурхайн бүтээн байгуулалтыг үгүйсгэдэг, эсэргүүцдэг “популист” гэж мэр сэр ярьдаг. Гэхдээ энэ бол монгол түмний эрх ашиг учраас энэ асуудалд дуугарах ёстой шүү дээ. Баялгийн тэгш хуваарилалтыг тэр тусмаа ярих ёстой. Хэн ч ярихгүй байвал Оюу Толгойн гэрээ л давтагдана. Өнөөдөр монголын баялгаар цөөхөн гэр бүл л хангалуун сайхан амьдарч, баялгийн шимийг хүртэж байна гэж яриад байгаа. Үүнийг болиулах цаг нь болсон. Уул уурхай дагасан олон асуудлыг шийдвэрлэх чухал алхам шинэ Засгийн газарт тулгарч байгааг би энд дахиад хэлмээр байна.

Тиймээс би У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарт ч энэ асуудлыг нухацтай тавьж, сануулсаар байх болно. Өмнөх алдаануудаа засаад, нэг чигт харсан танхим бүрдүүлж ажиллаж чадна гэдэг итгэлээр түүнийг дэмжиж байгаа. У.Хүрэлсүхэд ард түмэн ч мөн өндөр хариуцлага, итгэлийг хүлээлгэсэн гэж бодож байна.

harmagtai

-Өнөөдөр Оюу Толгойн дайтай хоёр ч том орд дээр гадны компаниуд олборлолт хийхээр хөрөнгө оруулалт татаад эхэлчихсэн байна. Энэ хоёр ордын нэг болох Хармагтайн орд дээр тогтвортой байдлын гэрээг өмнөх Засгийн газрын үед үзэглэсэн үү. Энэ асуудал таныг сайд байх хугацаанд Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу?

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Засгийн газрын хуралдаан дээр Оюу Толгой болон, Урт нэртэй хуультай холбоотой улс орны ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн асуудал яригдахад өмнө нь баримталж байсан байр суурин дээрээ хатуу зогсдог.

Хэрвээ үнэхээр ийм хэмжээний хоёр ч ордын асуудал яригдаж байгаа бол энэ асуудлыг яаралтай анхааралдаа авах хэрэгтэй. Оюу Толгойн гэрээ яаж будилаантсан билээ. Үүнийг давтахгүйн тулд монголын төр ажиллах ёстой.

-МАН-ын 65 гишүүн ард түмнийг төлөөлж олонхи болсон мөртлөө “32-ын бүлэг”, “33-ын бүлэг” болж хуваагдаад төрийн ажил удаашралтай болчихлоо. Ингэж хуваагдаж, хагарах цаг хугацаа байгаа юм уу?

-Өөрийн чинь хэлж байгаатай санал нийлж байна. Үнэхээр цаг алга. Нийгмийг талцуулсан энэ хуваагдал хагаралын асуудалд харамсаж байна гэхээс өөр хэлэх үг алга даа. Өнөөдрийн улс төрийн  энэ эвдрэлцэл, талцал бол маш бүдүүлэг явдал шүү дээ. Би анхнаасаа л энэ асуудалд хатуу байр суурьтай байж ирсэн.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдад саналаа хэлсэн. Улсын эдийн засгийг сэргээж байгаа энэ  хариуцлагатай үед Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Шаардлагатай бол би Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Засгийн газарт сэлгээ хийж шинэ хүч сэлбэх боломжийг олгоход бэлэн гэдгээ ч илэрхийлж байсан юм.

Мөн одоогийн Засгийн газарт би орж ажиллахгүй гэдгээ хэлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газраас маш том хүлээлттэй байгаа

Хоёр талд хуралдаж, цуглаад байгаа нам доторхи хуваагдал, талцлын алиных нь ч талд би ороогүй.  Би алинд ч орж суугаагүй. Улс төрийн маргаан, санал зөрөлдөх асуудал гардаг. МАН дотор санал зөрөлдөх зөрчил гарч байсан ч ингэтлээ хурцдаж байгаагүй юм.

baterdene

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан сайд нарын дөрвийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн асуудал яригдаад байна. Магадгүй энэ дөрвөн сайд ашиг сонирхлын зөрчилтэй байгаад хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм болов уу?

-Би яг энэ талаар мэдээлэлгүй байна. Ерөнхийлөгч өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд зарчмын асуудлаар байр сууриа илэрхийлэх эрхтэй шүү дээ. Тэгэхээр үүнд би хувь гишүүний хувьд нэмэлт тайлбар хэлэх боломжгүй юм.

Үнэхээр дөрвөн сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ асуудлыг Ерөнхий сайдтай өөртэй нь ярьж зөвшилцөх байх.

-МАХН, МАН-аас салж байсан шиг тусдаа нам болж өрх тусгаарлах хүртлээ дотоод зөрчилтэй байгаа гэж та харж байна уу?

– Намын хагарал улс орны хагарал байх ёсгүй. Бидэнд шийдвэрлэх олон ажил байна. Багш нарын цалин нэмэх, эмч нарын цалин нэмэх гээд нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй хэрнээ дотроо хагаралдаад байгаа нь байж боломгүй явдал.

Төрийн тогтвортой байдлыг хангах үүрэг манай намд байгаа гэдгийг би энд онцолмоор байна.

МАН арай ч хоёр нам болоод хагарахгүй байх гэж найдаж байна. Нам дотор хоёр бүлэг болж хуваагдах хүртлээ хатуу талцалтай байхыг УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо анх удаа л харж байна. Хагацашгүй сайн нөхөрт мартагдашгүй муу үгийг бүү хэл гэдэг үг байдаг. Юун муу үг, үүнээс ч илүү зөрчилдөж байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол хагарсан шаазан эвлэдэггүйтэй л ижил болно.

-Төрийн ажил удааширч, нам доторхи бүлэглэлийн маргаан даамжирч байгаа үед сөрөг хүчний үүрэг чухал шүү дээ. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж та харж байна уу?

-АН-ын зүгээс эрх баригч намыг буруу хазгай гишгэхэд нь хажуунаас нь анхааруулж, шаардлага тавьж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байгаа л гэж харж байгаа.

Гэвч нөгөөтэйгүүр нам доторхи энэ маргаан цөөнхид давуу тал болох нь ойлгомжтой. МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ. АН-ын зүгээс МАН-ын хэрүүл, зөрчлийг ажиглах байр сууринаас  хандаж байгаа. Төрийн ажил саарч байгаа гэдэгт цөөнхийг буруутгах ямар ч аргагүй. Энэ бол бидний буруугаас болж байгаа учраас өөрсдөөсөө алдаагаа хайж, олж харж засах хэрэгтэй.

-АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдтай зөвшилцөх үеэр нэг ойлголттой байсан учраас дэмжиж кноп дарсан гэдгээ хэлсэн. Гэхдээ тавьсан шаардлагуудыг хүлээж авахгүйгээр Засгийн газраа 100 хувь давхар дээлтэй бүрдүүлж байгаа явдалд АН байр сууриа эргэж харна гэдгээ илэрхийлээд байгаа. Та Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байна вэ?

-Засгийн газраас  улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлт бол дан ганц миний хүлээлт биш. Иргэд олон нийт болон У.Хүрэлсүхийг дэмжсэн намын нөхөд нь ч мөн түүний байгуулж буй Засгийн газраас үүнийг л хүлээж байгаа гэж бодож байна.

Богино хугацаанд танхимаа бүрдүүлэх шаардлага тулгарсан учраас сөрөг хүчний шаардлагад нийцээгүй болов уу.

УИХ-ын чуулганы танхимд У.Хүрэлсүхийг дэмжиж үг хэлсэн гишүүдийн зүгээс шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байгаа вэ гэдгээ ойлгомжтой, тодорхой хэлсэн. Үүнийг Ерөнхий сайд ойлгож хүлээж авсан гэж найдаж байна. Мөн өөр нэг чухал асуудал бол намын нэр хүндийг унагасан боловсон хүчин, томилгооны асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх нь маш чухал.

baterdene

-Шинэ сайдуудын нэрс яригдаж эхлэх үеэр МАН-ын зүгээс залуу гишүүдээ дэмжсэнгүй дээ гэж харагдаж байлаа. Бодлогоор дэмжээд явж болдоггүй юм уу?

-Залуусаа МАН дэмжих ёстой. Гэхдээ сайдын алба гэдэг бол улс төрийн томилгоотой албан тушаал.Төрд ажилласан туршлага гэдэг бас чухал юм шүү.

Сайдын тухайд бол төрийн бодлогыг хэрэгжүүлдэг учраас үүнд тулхтай хүн сайдаар ажиллах нь зүгээр гэж би хардаг. Сайн мэргэжилтнүүдээр хүрээлүүлсэн, туршлагатай улс төрч байхыг буруугүй алхам гэж хардаг.

-Сайд болмогцоо халаа сэлгээ хийдэг тогтолцоо хэвээр байна. Энэ оны төсвийн тодотгол дээр албан тушаалтны буруугаас болон үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 25 тэрбум төгрөг тусгахаар орж ирсэн. Та сайд байсан хүний хувьд халаа сэлгээний асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Би Батлан хамгаалахын сайдаар томилогдож очихдоо төрийн албыг бужигнуулахгүй гэдэг нэг л зарчимтай байсан. Ялангуяа тусгай чиг үүрэгтэй, улс орны аюулгүй байдлыг хангадаг энэ байгууллагад халаа сэлгээ хийж, хөлдөлгөөнд оруулж болохгүй юм.

Өмнө нь  ажиллаж байсан мэргэжилтэн, албан хаагч нартай би үргэлжлүүлэн хамтран ажилласан.

Тиймээс шинэ сайд нар ч гэсэн салбартаа нэртэй, төртэй төрийн албан хаагч мэргэжилтнүүдээ халж сольж, хөдөлгөөнд оруулалгүйгээр итгэл хүлээлгэж ажиллах хэрэгтэй. Төрийн сайд хүн өөрөө төрийн албан хаагч нарт үлгэр дууриал үзүүлж ажиллах ёстой шүү дээ. Би бол хүмүүст итгэл хүлээлгэж, хүн нэг бүрийн оролцоог хангаж ажиллах зарчмыг эрхэмлэж ажилладаг хүн. Энэ зарчим минь ч буруу байгаагүй гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Ц.ТАМИР



Их сурвалж: https://vip76.mn/content/48506

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here