“Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг зөвшөөрөв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаан 14 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хороооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Тэрбээр, Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/ -ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэсэн болон Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурахаар төлөвлөснийг танилцуулав.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/ -ын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд тухайлбал, Засгийн газрын 2020 оны 114, 167 дугаар тогтоолоор баталсан татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүд хамаарах юм.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь,  санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна гэдгийг Сангийн сайд танилцуулав.



Их сурвалж: https://vip76.mn/content/70986