Ерөнхий сайд Хэнтийнхэнд хийсэн ажлаа тайлагнав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцсаныг сурвалжиллаа.

Тэрбээр ажлынхаа эхэнд орон нутаг судлах музейн барилгын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард Хэнтий аймагт ажиллахдаа музейн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил дууссан.

Гадна өрлөг, дотор сантехник зэргийн явц 45 хувьтай байгаа бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч “Монкон констракшн” компанийн захирал танилцуулав. Гурван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын зураг төслийг “Гоби травел” компани зохиосон байна. Тус музейн үлдэгдэл төсөв ирэх оны улсын төсөвт суусан бөгөөд гүйцэтгэгч компани хугацаанаас өмнө хүлээлгэн өгч байгаа юм.

Үүний дараа тэрбээр дөрөвдүгээр багийн нутагт баригдсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд гурван цэцэрлэг барихаар болсны дагуу нэг нь ийнхүү Хэнтий аймгийн төвд ашиглалтад орлоо.

Дараа нь Ерөнхий сайд Хэрлэн сумын 700 гаруй иргэнтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Хан Хэнтийчүүд УИХ-ын гишүүдээ төдийгүй, улсынхаа Ерөнхий сайдаа, Засгийн газраа сонгосон сонголт хийснийг онцолж, та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэлээ.

Тэрбээр улс эх оронд хийж хэрэгжүүлэх томоохон, бодлогын чанартай, ажлуудыг танилцуулсныг тоймолбол:

1. Эрчим хүчний хараат байдлаас гарах:
Эрчим хүчний импортыг бууруулах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах, экспортод цаашдаа гаргахаар зорьж буй. Энэ хүрээнд 10 аймагт цахилгаан станц байгуулах улстөрийн шийдвэр гарсан. Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Хэнтий аймагт ирэх жил төсөв сууж эхэлнэ. Мөн Тавантолгой, Оюутолгойн бүлэг ордуудыг түшиглэн цахилгаан станцыг тус тус байгуулах ажил хийж байна.
2. Нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх:
Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Санхүүжилт шийдвэрлэгдсэн. Жилд 1,5 сая/тн газрын тос олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
3. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах:
Улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадсан. Энэ онд гурил экспортолно. Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бий болгосноор хүнсний хэрэглээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
4. “Цахим-Монгол” болно:
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг дэмжинэ. Төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулна. E-mongolia үйлчилгээг нэвтрүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой болсон.
5. Боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулна:
Импортлогч биш, экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ бүх талаар ажиллах боломжоор хангах бодлого явуулна. Ажилгүйдлийг бууруулна.
6. Хийн хоолой:
ОХУ-БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хийн хоолой барихаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах зорилгоо биелүүлнэ.
7. Нийгэмд шударга ёсыг тогтооно:
Төрийн албанд болон нийгмийн бүхий л салбарт сахилга, хариуцлага дэг журмыг тогтооно.
8. Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ:
Соёлын яамыг татан буулгаснаас хойших 28 жилд дахин сэргээн байгууллаа. Ард иргэдээ соён гэгээрүүлэхэд, хүүхэд залуусыг сургахаас гадна хүмүүжүүлэхэд анхаарна гэв.

Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар 22 иргэн санал хүсэлтээ илэрхийлж, 20 орчим санал бичгээр хүргэгдэв.



Их сурвалж: https://vip76.mn/content/71047