Гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг нээлттэй, ил тод байлгах ёстой

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад байгаа иргэдийг татан авах” ерөнхий нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Улсын онцгой комиссын гишүүдээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Гадаадаас татан авч байгаа иргэдийнхээ мэдээлэл болон үйл ажиллагааг нээлттэй байлгах ёстой гэдгийг УИХ Засгийн газар, Улсын онцго комисст анхааруулж байсан. Нийгэмд УОК гадаадаас иргэдээ татан авахдаа авлига хээл хахууль авч байна гэсэн хардлага байсан. Олон нийт хардах ч эрхтэй. Гэхдээ өнөөдрийн мэдээллээс үйл ажиллагаа нээлттэй, ил тод явагдаж байгаа гэдгийг ойлголоо. Цаана нь зарим нэг хүмүүс дундуур нь луйвардан, залилан мэхлэх явдал гарч байх вий? Тэрийг анхаараарай. Жишээлбэл Бразиль улсын Сан Пауло хотод байгаа 4 хүүхэдтэй залуу хосууд ирж чадахгүй. Энд байгаа ээж нь надтай холбогдсон. Өргөдөл нь Улсын онцгой комисс дээр алга болсон, нутаг буцах иргэдийннэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан гэх мэт тохиолдол УИХ-ын гишүүдэд хандсан, надад хандсахн тохиолдлууд байгаа.

Монгол Улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад шуурхай иргэдээ эх орон руугаа татаж байгаа цөөн хэдэн улсын нэг. Амжилттай ажиллаж байгаа энэ байдлаа үргэлжлүүлэн ажиллах, иргэдийн санал гомдлыг хүлээн авч хянан шалгаж ажиллахыг хүсэж байна.”



Их сурвалж: https://vip76.mn/content/70275