Бөхийн спортыг үрэн таран хийхгүй

Б.Бат-Эрдэнэ: Бөхийн спортыг үрэн таран хийхгүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр Бөхийн өргөөнд болж, холбооны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн шинэ тэргүүнийг сонгосон юм.

“Их Эе” хуралд нийт 200 гишүүн оролцохоос 153 нь мандатаа баталгаажуулж, хуралд суусан юм. Холбооны дүрмэнд шинээр тэргүүн нь орон тооны бус байна гэж өөрчилсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийн 98 хувийн саналаар сонгогдсон. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт шөнө болтол үргэлжилсэн хурлын дараа БНСУ-д парламентын хуралд оролцохоор явсан юм.

Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

-Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Энэ удаагийн ‘Их Эе’ хууль ёсных байсан уу. Хурал болохын өмнө хууль бус ээлжит ‘Их Эе’ хуралдах нь гэсэн эсэргүүцэл өрнөж,  Бөхийн өргөөний хаалга үүдийг эвдэх дээрээ тулсан?

-Монголын Үндэсний бөхийн холбоо Төрийн бус байгууллагынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Дүрмэнд дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе”-г хэрхэн хуралдуулахыг заасан байдаг. Хурлын төлөөлөгчдийн 70-80 хувийг бөхчүүд бүрдүүлдэг. Улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд бүгд оролцоно. Харин улсын харцага, начин болон аймгийн цолтой бөхчүүд өөрийн харьяалагдах дэвжээнээс сонгогдон оролцдог. Тухайн аймгийн дэвжээнд таван харцага байдаг бол нэг нь хуралд оролцох зэрэг дүрмийн дагуу төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Тиймээс энэ удаагийн ‘Их Эе’-ийг дүрмийн дагуу, хууль ёсных гэж хэлж болно.

-Үндэсний бөх хөгжихгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Мөн бөхчүүдийн додингийн асуудал байна. Холбооны шинэ удирдлагууд хамгийн түрүүнд допингийн асуудалд анхаарлаа хандуулах байх гэсэн хүлээлт бий. Энэ удаагийн ‘Их Эе’-ээр олон шинэ журам гарчээ. Та энэ холбоог шинэчлэхийн тулд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна?

-Мэдээж, санаа зовоосон асуултууд байна. Бэлтгэлийн үеэр допингийн шинжилгээ авдаг журам мөрдөж байгаа. Ард түмэн бидэнд энэ сайхан спортыг өвлүүлж үлдээхдээ хамгийн эрхэм нандин зан суртахуун, жудаг гэдэг зүйлийг хамтад нь өгсөн. Тиймээс монгол бөхөд жудагийг сайн ойлгуулж үлдээх нь чухал болсон байна. Ийм учраас жудагийн журам гаргаж, хэрэгжүүлж байна. Мөн бөхийн оролцооны журам гаргалаа. Одоо бөхийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ гэхэд 13:50 гэхэд бүх бөхчүүд ирчихсэн бэлэн байдалд байдаг болсон. Танилцуулгад ирээгүй бөхийг ямар ч цолтой байсан хасдаг боллоо.

Монголчууд цолны эрэмбээр ах захаа хүндэлдэг сайхан зүйл бий. Эв нэгдлийг эрхэмлэдэг, жудаг чанарыг хадгалах тал дээр илүү их анхааран ажиллана. Бөхчүүд цахимаар бүртгүүлэх ажлыг идэвхжүүлнэ. Мөн шүүлтийн талаар хийх зүйл байгаа. Үндэсний бөхийн холбооны дүрмийг Монгол Улсын үндсэн хуулинд нийцүүлэн тодорхой нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ бодлогоо барин ажиллана.

-‘Их Эе’ тойрсон, Үндэсний бөхийн холбоог тойрсон талцал хуваагдал олон жил өрнөж байна. Та түрүүнд жудагийн тухай сайхан ярилаа. Гэхдээ бөхчүүдийн хэрүүл талцалыг харахад тэр жудаг нь хаана байна вэ гэж асуумаар болдог. Бөхчүүд юунаас болоод яагаад ингээд хэрэлдэж талцаад юугаа булаацалдаад байдаг юм бэ?

Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж сайхан үг байна. Өнөөдөр зөвхөн бөхийн холбоод гэлтгүй олон холбоод асуудалтай болжээ. Монголд иргэний нийгмийн харилцаанд шилжээд 30-аад жил өнгөрөх үед Төрийн бус байгууллага олноор байгуулагдсан. Энэ нь улс төрийн намаас эхлээд олон байгаагийн дотор нь намаас мөн хөндлөнгөөс нөлөөлөх асуудал их байна. Үйл ажиллагаандаа зохицуулаад явах хэрэгтэй. Бөхийн спортод ч цаг хугацааны эрхээр олон санаа, олон асуудал, бас шинэлэг зүйлүүд гарч байна. Спортын холбоодууд дунд дотроо үл ойлголцож эхэлсэнээс хойш санал нийлэхгүй асуудал их гарч байна.

Бидэнд санал тавьж байгаа олон хүн байна. Зарим нь монгол бөхийг арилжааны тал руу явуулах хэрэгтэй гэх нэгэн байхад уламжлалт хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн саналтай иргэн ч байна. Сэтгэлийн хөдлөлөөр хөдөлж, үрэн таран хийхгүй гэж бодож байна

Бид олон оролдлогоороо хийж байсан ч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа.

-Бөхийн өргөө 1998 онд ард түмний хандиваар ашиглалтад орсон. Харамсалтай нь, энэ барилга бөхчүүдийн талцал хуваагдлыг шалтгаан болж?

-Барилга байшингаас болсон гэж бодохгүй байна. Бөхийн өргөө баригдаад 20 жил болж байна. Бөхөө үзчээд хамт олноороо хөгжилдөг, хуучилдаг сайхан дурсамжийг бүтээхэд ажиллах болно. Өргөөнд орж ирээд гарсан хэн боловч  сэтгэл өндөр байх тийм зүйлийг цаашид хийхээр төлөвлөж байна. Ирэх аравхоёрдугаар сард ойн баяр болно. Энэ том бүтээн байгуулалт, байгууламжийг тордох, засах гээд хийх ажил их байна.

Бөхийн өргөө шиг ийм том бүтээн байгуулалтын ажлыг улс орон даяар эхлүүлсэн. Монгол бөхөөр дамжуулаад монгол эр хүнийг бэлтгэж ирсэн агуу их уламжлал түүх байна. Цэцэрлэгийн наснаас эхлэн 25 хүртэлх залуучууд монгол бөхийн соёлд эртнээс суралцаж, өөртөө шингээж авах тэр зүйлийг нээж өгөхөөс эхлээд хийж байгаа хийхээр төлөвлөсөн ажлууд бий “Нутгийн салхи” хөтөлбөрийн хүрээнд бүх ерөнхий боловсролын сургуульд бөхийн дэвжээг байгууллаа. Энэ бүх ажлыг цааш үргэлжлүүлнэ.

Бид сайтар ярилцана. Хөгжлийн ямар гарц байгааг  хайна. Бөхчүүд бие биедээ муу санах  асуудал биш. Бөхөө гэсэн, нутаг орноо гэсэн хүмүүс нутгаасаа нэг цолтон төрүүлэх юмсан гэдгийг өөгшүүлж байгаа. Тийм болохоор бүгдээрээ барилдаж байгаа бөхчүүд, бөхийн төлөө зүтгэж байгаа зүтгэлтэнүүд нэг ойлголтонд орох хэрэгтэй.

-Бас “Нийтийн монгол бөх” хөтөлбөр бий шүү дээ?

-Улсын алдар цолтой, сумын алдар цолтой бөх гэхээс гадна бүх эрчүүд монгол бөхөөс юу авч болдогийн, зүрх сэтгэлийн боловсрол, сайн чанарыг шингээж авч чадах зэрэг “Нийтийн монгол бөх” хөтөлбөр бий. Бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг идэвхжүүлнэ. Бөхөөр хичээллэдэггүй ч сонирхдог ард түмэн олон бий. Өнөөдөр бидний яриад байгаа даваа наймаалцах гэж зохисгүй буруу зүйл байна. Ийм гажуудлыг засахын төлөө ажиллана. Энэ том ажлуудыг нилээн өргөн далайцтай хийнэ.

-Энэ удаагийн хурлаар Цэцдийн зөвлөлд 67 хүн орсон. Хэзээ дараагийн хурлаа хийх билээ?

-Цэцдийн зөвлөлд олон бөх орлоо. Бөхийн дунд үеийн төлөөлөл болсон залуус холбооны ажилд оролцож байна. Сайн барилдая, чадлаараа барилдая, цолоо авья гэсэн эрмэлзэлтэйгээр бэлтгэлээ хийж, хүчээ үзэх нь чухал. Харин үүний дараа амжилт гаргасан үед нь манай бөхчүүдийг дэмжээрэй гэсэн сэтгэлтэй болгох ийм зүйлийг хийнэ гэж бодож байна. Ийм зүйлийг бид хийх болно. Бодож, төлөвлөж байгаа ажлууд байна.

-Үндэсний бөхийн холбооноос гадна Хасу бөхийн холбоо гэж байгуулагдсан. Танай хоёр холбоо хамтарч ажилладаг уу?

-Бидний барилдах байх үед буюу 1997 онд ч гэсэн шинэлэг зүйлийг хийх эрмэлзэлтэй байсан. Тухайн үед И.Доржсамбуу, Г.Өсөхбаяр нарын залуу бөхчүүд бид бөхийн холбооны удирдлагуудад хандан чансаа өндөр чансаатай бөхчүүдийн даваа  үнэлэх барилдааныг хийх саналыг тавьж, хийж байсан. Түүний дараа манай бөхчүүд Мэргэжлийн монгол бөхийн холбоо болон Хасу барилдааны холбоог  байгуулж үйл ажиллагаа явуулж ирлээ. Эргээд харахад бас үр дүнтэй зүйл харагдахгүй байна. Гэхдээ энэ бүгдийг зогсооно гэж байхгүй. Нэг сайхан жишээ дурдмаар байна.

-Ямар?

– Бидний хамгийн их үздэг японы сүмо бөхөөр жишээ авья. Арлын тэр оронд хэдэн сая хүн амьдарч байгаа билээ. 120 сая хүн амтай Японы эдийн засаг дэлхийд тэргүүлэгч орны наймд бичигдэж байна. Гэтэл манай монгол бөхтэй адил сүмо бөхөөс гадна каратэ, кун-фу, жи-цү, жүдо бөх зэрэг 6-7 үндэсний уламжлалыг хөгжүүлчихлээ. Сүмо бөх гэхэд дунд сургуулиас эхлээд их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцан хөгжүүлж байна.

Үндэсний спорт нь өнөөдөр хөгжиж чадсан учраас сүмог үзэх нь олон болжээ. Гэтэл бидэнд энэ уламжлал алга байна. Монгол бөхийн энэ уламжлалыг улс орон даяар сэргээе. Сонгодог урлагийн үзэгчдийн боловсролыг дээшлүүлье гэдэг шиг үндэсний бөхийг үзэх уламжлалыг сэргээх нь чухал байна.

-‘Их Эе” хурлаар МҮБХ-ны тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус байхаар харин гүйцэтгэх захирал орон тооны байхаар болсон. Энэ зөв шийдэл мөн үү?

-Бүх үйл ажиллагааг холбооны тэргүүн зохион байгуулж, шийдэж байсныг өөрчилсөн энэ удаагийг хурлаар өөрчилсөн. БНСУ-д хийж буй парламентын гишүүдийн уулзалт долоон хоног үргэлжлэх учраас бөхийн холбооны дараагийн хурлыг 10 хоногийн дараа хийхээр болсон.



Их сурвалж: http://vip76.mn/content/51469

Сэтгэгдэл үлдээх